Малчин оргил хүртэлхи авиралтын зам

Авиралтын зам 2018-05-07

Малчин оргил - 4051 метр дтд

Малчин оргил – 4034м нь Монгол улс, ОХУ-ын хилийн зааг дээр оршино.

Замын ангилал нь 1Б.

Оргилын газарзүйн солибцол: N49°10'18"E87°52'30"

Авиралтын бааз лагериас Малчин оргил хүртэл 5,8 км. Оргил хүртэл жим замтай. Оргилын бэлд хүрээд цастай хэсэг, чулуутай хэсгийн заагаар нуруулдаж авирна. Авиралтын замыг жижиг чулуун овоо босгож тэмдэглэсэн байдаг. Замын чулуутай хэсэг нь сул учир хальтирч гулгах аюул үүсдэг тул болгоомжтой авирах шаардлагатай. Авиралтын замын налуугийн эгц нь дунджаар 37 градус, хамгийн эгц хэсэгтээ 50 градус хүрнэ.

Авиралтанд дундаж хурдтай групп 6-7 цаг зарцуулдаг. 3500 метрээс эхлэн цаг агаарын эрс өөрчлөлтүүд үүсдэг. Салхины хүч 9м/с-ээс их тохиолдолд, цаг агаар муу үед авирахыг хориглоно. Авиралтын эхлэх цаг 6-9-ийн үед байвал тохиромжтой. Авиралт 9 цагаас оройтож эхэлсэн тохиолдолд  авиралт хийх шаардлагагүй. 2014 онд Малчин оргилоос бууж явсан уулчин цагийн тооцоолол буруу хийснээс болж харанхуйд буух үедээ чулуун дээрээс хальтирч унан амь эрсдэж байсан.

Авиралтанд тусгай тоноглол шаардлагагүй.  Авирагч нь явган аяллын таяг, трекийн гутал, тухайн цаг агаарт тохирсон хувцас хэрэглэл, цаг агаар муудсан үед өмсөх хувцас, өдрийн хоол, өөрт хангалттай хэмжээний ус, толгойн гэрэл, малгай, GPS, багийн радио холбоотой байх шаардлагатай.

Оргилоос хүмүүс уулын цастай хэсгийг даган гулгаж, бөгсдөж буух тохиолдол нилээдгүй байдаг ба ийм үйл хийж болохгүй гэдгийг анхааруулж байна.

Аяллыг уулын аяллын туршлагатай хөтөч удирдана.

 

Эх сурвалж: Өндөр уулын хороо

Бидэнтэй холбоо барих

Уулын спортын хувцас хэрэгсэл борлуулдаг болон бусад уулын спорттой холбоотой ажилладаг аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.


Монгол улс,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
1-р хороо, Бизнес товер-2, 303 тоот

Утас: 77110306

info@mountain.mn